Энэхүү хөтөлбөрөөр суралцсанаар 4 жилийн хугацаанд ХИС болон BUFS-ийн сэтгэл судлалын хөтөлбөрөөр суралцаж хос дипломтой төгсөх боломжтой. Эхний 2 жилд ХИС-д солонгос хэлний хичээлүүдийг үзэж солонгос хэлээ бэлдэхийн сацуу сэтгэл судлал болон тархи судлалын мэргэжлийн суурь хичээлүүд болон сэтгэл судлалын судалгаа, шинжилгээний ур чадвар олгох хичээлүүдийг судалж, дараагийн 2 жилд BUFS-д гэр бүл, залуучуудад зориулсан бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөөний арга барил, сэтгэц оношилгоо хийх практик чадварыг эзэмшихэд чиглэсэн мэргэжлийн хичээлийг судална. Энэхүү хөтөлбөрт суралцсанаар мэргэжлийн мэдлэг, чадвар, хандлагыг өөртөө төлөвшүүлэхээс гадна соёлын онцлогт нийцүүлэн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмшинэ.
● Сэтгэл зүйн зөвлөгөө, заслын практик чадварыг орчинд суурилсан сургалтаар эзэмших;
● Сэтгэл зүйн асуулга, тестийн сан, статистикийн программ, туршилтын лабораторийн тусламжтай суралцах;
● Хүмүүнлэгийн сэтгэл судлалын талаас өөртөө анализ хийх, өөрийгөө хөгжүүлэх;
● Тархи сэтгэл судлалын холбоо хамаарлын талаар онолын мэдлэг эзэмших;
● Бусад мэргэжлийн хөтөлбөрийн хичээлүүдээс судлан өөрийн сонирхол, ур чадвараа хөгжүүлэх;
● Сэтгэл судлалын мэргэжлийн "S-R" клубийн гишүүн болсноор академик болон зөөлөн ур чадварт суралцах;
● Цахим сургалтын Canvas платформд тулгуурлан цахим болон танхим хосолсон хэлбэрээр суралцах;
● ХИС-тай гэрээтэй байгууллагуудаас сонгон дадлага хийх;
● ХИС-ийн "Манлайлагч оюутан" хөтөлбөрт хамрагдаж богино хугацаанд магистрын зэрэг эзэмших;
● ХИС-ийн "Honor scholar program"-д хамрагдаж магистрын хөтөлбөрт 100% тэтгэлэгтэйгээр суралцах;